Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын авлига, албан тушаалын хэрэг хэрээс хэтэрлээ. Хууль бус эл үйлдэл ил цагаандаа гарч, даамжирсаар албан өрөөндөө хүртэл авилга авдаг болоод байгаа. Гэсэн ч тэдэнд ногдуулдаг ял, албан тушаалтнуудын хэргийг дэнслэх хуулийн зохицуулалт маш сул байна гэдгийг олон нийт хэлж, цахим сүлжээнд шүүмжлэл өрнүүлсээр байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынханы “оймс”-ны гэх гуншинтай хэргийг шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргав.
Шүүхээс шүүгдэгч Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял ногдууллаа. Харин түүний хамсаатнуудыг нь төрийн албанд томилогдох эрхийг 2-5 жилийн хугацаатайгаар хасаж, мөнгөн торгуулийн ял ногдуулав.
Гурван жил гаруй хугацаанд хууль шүүхийн байгууллага, олон нийтээр “дэнслэгдэж” байсан уг хэргийн шийдвэр хэрхэн гарах бол гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байсан. Гэсэн ч “оймс”-ны гэх нэг сая амдолларын хэргийн шийдвэр 2.8 жилийн ялаар төгссөн нь өнөөдөр олны дургүйцлийг төрүүлж, шүүмжлэл дагуулаад байна.
Хэрийг эргэн сануулахад, МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг АТГ шалгах явцад гэрээс нь 230.8 сая төгрөг, 152,177 ам.доллар, 77,000 юанийг тус тус бэлнээр хураан авч баримтжуулж байв.
АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны Рапид хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20,000 юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16,460 ам.доллар, 5 сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байлах сейфнээс 127,117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8,600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар ийнхүү нэг тэрбум орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон юм.
АРДЫН ХҮҮ 60 МЯНГААР 10 ЖИЛ, АЛБАН ТУШААЛТАН ТЭРБУМААР 2.8 ЖИЛ ХОРИГДОНО
Шуудхан хэлэхэд ардын хүү 60 мянганаар 10 жил, албан тушаалтанууд тэрбумаар 2.8 жилийн ял үүрч байна. Саяхан гэхэд ЖДҮ-гээс албан тушаалаа урвуулан ашиглаж, зээл авсан гишүүдийн хэргийг эцэслэж, тэдэнд 2.6-3.5 жилийн хорих ял ногдуулсан.
Гэтэл 2013 онд автомашины шил хагалж, 60 мянган төгрөгийн хохирол учруулсан хүүд Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхээс 10 жилийн хорих ял ногдуулж байсныг бид мартаагүй.
Хууль ард түмэнд энэ мэтээр ялгавартай үйлчилж, төрийн нэрийг уландаа гишгэж байгаа нөхдийн толгойг илсээр байгаа нь эл төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүртүүлж байна хэмээн хардахад хүргэж байгаа юм. Түүнчлэн албан тушаалтнууд өөрсдөдөө зориулан хууль баталдаг нь энэ мэт хэргүүдийн шүүхийн шийдвэрээс харагдаж байгаа нь нууц биш юм.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (13)